Миний санаа бодол
2012-10-31,09:55
Одоо цаг цөвүүн болжээ, хүүхэд залуучууд хүмүүжилгүй болжээ, хүний чанар мууджээ гэх мэтээр өнөө цагийн өнгө аясыг хараар будах гутранги үзэлтнүүд олон болжээ. Хүн тухайн амьдарч байгаа цаг үеийнхээ тусгал нь байдаг учир өнгөрснөө магтаж хойч үеээ муулах нь эрүүл бус сэтгэлгээний нэг хэлбэр мөн. Өнгөрсөн үегүй одоо байхгүйтэй адил хойч үегүй өнөөдөр гэж байхгүй. Маш хурдацтай хөгжиж буй технологийн хөгжил монголчуудад цаг үеээсээ хоцрохгүй хөгжиж дэвжих бодит шаардлагыг бий болгож байна.Үе үеийн төр засгийн эрх баригчид энэ нөхцөл байдлыг мэдэрч ойлгож улс эх орон, хүн ардынхаа хөгжил дэвшлийн төлөө ажилласаар ирсэн одоо ч ажиллаж байгаа гэдэгт би итгэж явдаг. Өнөөгийн хүүхэд залууст мэдээлэл авах маш өргөн боломж давуу тал бидний үеийг бодвол илүү байгаа учир сэтгэлгээ нь их хурдацтай хөгжиж байна. Энэ өөрчлөлт технологийн дэвшил нь эерэг өөрчлөлт авчрахын зэрэгцээ сөрөг үр дагавруудыг ч бий болгож байгааг үгүйсгэх аргагүй юмаа. Ялангуяа интернет PC тоглоомд донтогч хүүхэд залуус олон болсон гэдэгтэй маргахгүй ээ. Гэхдээ хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх гол газруудын нэг болсон тул хорьж хаах ч хэрэггүй бас урсгалаар нь ч орхих хэрэггүй. Зохих стандарт хяналт шалгалтаа сайжруулаад явахад болохгүй юм байхгүй. Компютер тоглоомоор тоглодог хүүхэд тоглодоггүй хүүхдүүдээс 2 дахин хурдан сэтгэдэг гэж нэг сэтгүүлээс уншиж байлаа. Аливаа юмыг хараар будаж мууг нь дуудахдаа биш сайн тал хүнд өгөх эерэг нөлөөллийг нь бодох ёстой гэсэн санаагаар энэхүү бичлэгээ өндөрлөе.