Хөөрөгний түүх
Хаш хөөрөг
Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн Бадамлянхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэнэ. Гэмтсэн яс бороолох, эр, эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог.
Манан хөөрөг
Найрлагадаа элдэв язгуур мах бодийн багахан хольцтой далд талст болорыг мана гэнэ. Мана чулууны хувьд олдоц ихтэй, элбэг учраас энэ чулуугаар хийсэн хөөрөг элбэг байдаг аж. Найрлага дахь хольцноосоо хамааран 30-аад төрлийн мана байдаг. Тэр дотроо усан, халтар, ногоон, замагт мөн өөр янз бүрийн чулууны элементүүд орсноос нь шалтгаалан гартаам мана гэж нэрлэгдэх ч бий. Эдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорох өвчнөөс хамгаална. Мана гэр бүлийн аз жаргалыг хамгаалдаг.
Шүрэн хөөрөг
Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг. Ой тогтоолтыг сайжруулж, шарх сорви, яр эдгээж, хоолойны ангиныг анагаах тустай. Төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг.
Номин хөөрөг
Биедээ байнга авч явбал яр, шарх гардаггүй. Номин эдэлбэл хортой зүйлд осолдох, яр, шарх, усны болон татах өвчин, үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, цус багадалт, мэдрэлийн ядаргаа, астма зэрэгт сайн. Номин өөрийн авьяас чадварыг дайчлахад тусалдаг. Матар, мэлхийн ордныхонд сайнгүй. Төрсөн жил, орд, гарал үүсэл зэргээ бодолцон барих хөөргөө сонговол өөдрөг байна.
Сувдан хөөрөг
Сувд эрүүл аз жаргал, урт насыг бэлэглэдэг. Ийм хөөрөг загасны ордныхонд тун ээлтэй.
Оюу хөөрөг
Оюу бол аз жаргалын чулуу, үнэнч дурлалын бэлэг тэмдэг. Ийм хөөрөг хэрүүл тэмцлийг номхотгож, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэн намжаах, гэр бүлийн гишүүн эв эеийг бататгадаг. Оюу элбэг дүүрэн амьдралд хүргэдэг ажээ. Оюу хөөрөгтэй хүний амны хишгийн сахиус зүүсэн хүнтэй адилтган үздэг.
Ундрам хөөрөг
Жинхэнэ ундрам хөөрөг ховор. Ихэвчлэн хиймэл керамик маягийн байдаг учир төдий л үнэтэй биш.
Чүнчигноров хөөрөг
Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг байна. Хүний биед үүссэн элдэв яр шархыг энэхүү чулуу эдгээдэг гэж хүмүүс ярьдаг. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ эмчлэгдэхгүй өвчинг жинхэнэ сайн чанарын Чүнчигноров хөөргөөр эмчилж болдог юм байна. Энэ бүгд нь хий хоосон яриа мэт санагдах боловч одоо болтол эл өвчнийг энэ аргаар эмчилдэг гэнэ.
Шил мэт сүүжин хөөрөг
Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор нь тунгалаг сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон янзаар ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьдаг хүмүүс ихэвчлэн нүдээ хөөргөөрөө арчиж байгаа харагддаг. Энэ нь нүдний харааг сайжруулдаг болоод тэр аж. Үнийн хувьд чамгүй үнэтэй.
Гартаам хөөрөг
Энэ хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусахгүй гэж ярьдаг байна. Саа өвчний улмаас нүүр, ам нь мурийсан хүмүүс гартаам хөөргөөр зөөлөн үрсээр эдгэдэг гэнэ. Тиймээс гартаам хөөрөг хэрэглэдэг иргэд цөөнгүй ажээ.
Хөөрөгний даалин
Олон зууныг дамжин ирсэн ч оёдолт урлалын охь манлай нь байсаар байгаа нэгэн үнэт урлал бол хөөрөгний даалин урлах үйл юм. Хөөрөгний даалинг урлахдаа үндэсний хээ угалзыг зүү ороох, загасан нуруу гэх мэтийн олон хатгаасаар дүрсэлж өнгө хээний төгс зохицолыг бий болгодог. Даалинг бөс даавуу торго, хоргой, булгиар савхи зэргээр хийж түүн дээр янз бүрийн хээ угалж шаглан урладаг. Даалин нь эхнэр хүнийг хэр уран шагладагийг, хадам нь бэрийнхээ хэр уран гартайг шалгадаг шалгуур юм.