Дорнод аймгийн 10 гайхамшиг
6. Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
Дорнод Монголын хүн чулуун хөшөө нь Түрэгийн хүн чулуун хөшөөдийг бодвол бодит дүрслэл сайтай урлагдсан байхаас гадна хүнийг түшлэгтэй сандал дээр суулгасан байдлаар дүрсэлсэн байна.
Шонх таван толгойн хүн хөшөөнд хүнийг баруун гартаа аяга, сав барьж энгэртээ аван зүүн гараараа сандлын түшлэгийг тохойлдсон, өвдөг дээрээ тавьсан байдлаар дүрсэлсэн байна. Хөшөөнд дүрсэлсэн дээлийг ихэвчлэн зөв энгэртэй байдлаар дүрсэлсэн нэлээд хэлхгэр том гэсэн санаа оруулан дүрсэлсэн нь Түрэгийн хүн чулуун хөшөөнд дүрсэлсэн хувцаснаас ялгаатай.
Хүн чулуун хөшөөний өөр нэгэн онцлог бол маш уран нарийн аргаар жижиг дүрслэлүүдийг гаргасанд оршино.
Шонх таван толгойн хүн чулуу хэмээх энэхүү дурсгал өдгөө Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Анх байсан газар нь Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс өмнө 7 км зайд орших Шонх таван толгой. Шонх таван толгойд хоёр хүн чулуу байсны нэгийг нь нийслэлд авчирчээ. Цагаан өнгийн гантиг чулуугаар уран чадварлаг цоолборлон урласан уг хөшөө нь бүрэн бүтэн үлдсэнээрээ бусад хүн чулуунаас онцлог юм. Түшлэгтэй исэр сандалд заларсан эр зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьж баруун гараа сандлын тохойвч дээр тавьж суусан байдаг. Шанаархаг эрүү, жирэвгэр хөмсөг, жартгардуу том нүдтэй. Бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, оройдоо жинс, ардаа залаа бүхий дүгрэг малгай өмсч, хоёр чихний араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөлжин хэлбэртэй хавтага зүүсэн нь онооны завсраар цухуйж харагдана. Сандлын хөл хоорондоо зөрөлдсөн ба уулзварт нь цэцэг хэлбэрийн тав гаргаж түшлэгийн арыг цэцгэн хээгээр чимжээ. Шонх таван толгойн хүн чулууг 1962, 1969, 1984 онд судлан шинжилжээ.