Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг
Манж Улсын өмнө толгой гудайгаагүй монгол баатруудын нэг бол Чингүнжав билээ. Чингүнжавыг засаг ноён төрийн бээл болох үед ар халх дахь манжийн ноёрхол хүчээ авч Ойрадыг байлдан эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх түшиц газар болгох бодлого явуулж байв. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагт хан аймгийн туслагч жанжнаар томилж байв. 1691-5-02 Долнуурын чуулганаар ар халх манжид дагаар оржээ.Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүнжав, Өмнөд хорчиний эфү Сэвдэнбалжир нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор Манжийн эсрэг тэмцэлийг 1755 онд эхэлж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм. Дараа жил нь Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулхаар тогтжээ.
Шадар ван Чингүнжав, Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргасан банйа. Түүний эх оронч тэмцлийг Халх түмэн төдийгүй, II Богд Жавзандамба, түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, сэцэн хан Манибадир, Сайн ноён Дэчинжав, Дамиран гүн зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж эр цэрэг, унаа хөсөг, зэр зэвсэг, хүнс хоол зэрэг ар хангалтын хэрэгтэй бүхнээр сэлбэн туслаж байв. Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн, Халхын бүх ноёдод Чингүнжавыг даруй барихыг зарлиг болгож, Улиастайн жанжнаар Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг барихыг даалгажээ.
Цэнгүнжав халхаас цэрэг татаж, хүчээ зузаатгах гэсэн боловч бүтсэнгүй. 1756 оны арван сарын сүүлээр 1000 цэрэг авч замдаа Хөх хотын Вү Чан жанжны 2000 цэрэгтэй нийлж, хотгойд нутгийг зорьсон байна. Манжийн цэргийн сүр хүчээс айсан Чингүнжавийн цэргийн ангийн зарим удирдагч нар цэргээ авч, Чингүнжаваас салж одсон байна. Манжийн цэрэг хотгойд нутагт ирэхэд Чингүнжавын цэрэг 500 болтлоо цөөрсөн учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн боловч, дайсны их хүчэнд түрэгдэн аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч оросын хил гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянгас гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед хар Дархадын зайсан Азар, Намжил нар Манжийн цэргийг газарчлан очиж, Чингүнжавын буудалсан жижиг толгойг бүслүүлжээ. 1757 оны нэгдүгээр сарын 17ны үүрээр Чингүнжав бүслэлтийг сэт дайран гарахыг завдаад чадалгүй баригджээ. Энэ тухай Манжийн хаанд Тэнгэрийг тэтгэсний 21 оны 12 сарын 4нд чин ван Цэнгүнжавын айлтгасан айлтгалд "Хулгай Чингүнжав нэгэн морийг унаж", манай хорьсныг дайран гараад оргосугай гэхэд түмдийн тэргүүн тайж Ламжав, бэйл Цомцогжавын хошууны тогосын отго хадсан залны занги Чой, хиа Намхай гурвуул тосож Чингүнжавыг барьсан гэжээ.
1757 оны 3 дугаар сарын 11-нд цогт эх оронч Чингүнжавыг хоёр хүү болон түүний гэр бүлийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Чингүүнжавыг эрүүдэн шүүж, улайсгасан 81 зоосны нүхээр гарч ирсэн махыг нь тасчин хаяж, тамлаад үхэхгүй болохоор толгойг нь авч, өвчүүг хадаж, зүрхийг нь сугалсан гэдэг. Хичнээн тамлан тарчилгасан ч ганц үг ган хийгээгүй мөртлөө "МИНИЙ ЦУСАН ӨШӨӨ ЗААВАЛ АВАГДАНА" гэж хэлээд амьсгалаа хураасан гэдэг. Тэр цагаас хойш Манжийн хааны ширээ батгүй болж, өөдлөхгүй явсаар мөхөж, Манж үндэстэн гэж үгүй болсон гэдэг байна.
Түүний үнэнч албатууд эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг - Ван толгой хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт Чингүнжавын хөшөөг босгожээ. Улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал Манж, Хятадын өмнө сөхрөө үгүй Чингүнжав Эх орондоо үеийн үед дуурсагдан амьд үлдсэн гэрэлт хөшөө мөн хэмээн түүхэнд дуурсагдан мөнхөрчээ. Монгол улсын түүхийн 4-р ботид "Манжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн түүний үйл хэргийг үнэлсэн байдаг.